Процессор (CPU) хэрхэн шалгах вэ
Процессор бол компьютерын тархи. Загвар нь юу вэ, хэр хүчтэй вэ, хэт халж байна уу, юу нь ачаалж байна вэ — бүгдийг нь нэмэлт програмгүйгээр шалгаж болно.
Процессор гэж юу вэ
Процессор нь бүх тооцооллыг гүйцэтгэдэг. Програм нээх, видео тоглуулах, файл задлах — бүгд энд боловсруулагдана. Процессор сул бол бүх зүйл удаан байна, санах ой эсвэл диск сайжруулаад ч тэр нь өөрчлөгдөхгүй.
Цөм (core) нь бие даан ажиллах чадвартай нэгж — 4 цөмтэй процессор 4 ажлыг үнэхээр зэрэг хийнэ. Урсгал (thread) нь нэг цөм дээр хоёр ажлыг ээлжлүүлэн гүйцэтгэх техник. 4 цөм / 8 урсгал гэвэл бодит цөм 4, харин Windows-д 8 харагдана.
Арга 1: Нэг товшилтоор
MyPC.mn-ийн шалгалтын програмыг ажиллуулаад «Процессор» хэсгийг нээнэ. Загвар, цөмийн тоо, урсгалын тоо, үндсэн давтамж, одоогийн ачаалал, дэмжиж байгаа технологиуд бүгд нэг дор гарна.
Арга 2: Task Manager
Ctrl+Shift+Esc → Performance → CPU.
- Дээд талд процессорын бүтэн нэр (жишээ нь Intel Core i5-10400)
- Base speed — үндсэн давтамж, гигагерцээр
- Cores — цөмийн тоо, Logical processors — урсгалын тоо
- Utilization — одоогийн ачаалал хувиар
- Up time — компьютер хэдэн өдөр унтраагүй ажиллаж байгаа
- Virtualization — Enabled байх нь чухал. Windows-ийн хамгаалалтын зарим үйлчилгээ болон виртуал машин үүнийг шаарддаг.
Арга 3: Командаар
Win+R → cmd → Enter, дараа нь:
wmic cpu get name,numberofcores,numberoflogicalprocessors,maxclockspeed
MaxClockSpeed нь мегагерцээр гарна: 2900 гэвэл 2.9 ГГц.
Загварын нэрийг яаж уншиг вэ
Intel
Intel Core i5-10400F гэдгийг задалбал:
| Хэсэг | Утга |
|---|---|
| i5 | Ангилал. i3 — энгийн, i5 — дунд, i7 — хүчтэй, i9 — хамгийн хүчтэй |
| 10 | Үеийн дугаар. 10 дахь үе. Тоо их байх тусам шинэ. |
| 400 | Тухайн үеийн дотор хэр хүчтэй болох |
| F | Дотоод видео карт байхгүй — тусдаа видео карт заавал хэрэгтэй |
Бусад үсгийн утга: K — хурдыг нь нэмэгдүүлж болно, U — зөөврийн, эрчим хүч хэмнэсэн, H — зөөврийн, хүчтэй, T — бага чадлын.
Шинэ загварууд нь Core i5-14400 хэвээрээ эсвэл Core Ultra 5 125H гэсэн шинэ нэршилтэй болсон. Core Ultra нь хиймэл оюуны тооцоолол хийх тусгай нэгжтэй.
AMD
AMD Ryzen 5 5600X:
- Ryzen 5 — ангилал. 3 — энгийн, 5 — дунд, 7 — хүчтэй, 9 — хамгийн хүчтэй
- 5600X — эхний тоо нь үе
- 5600X — хэр хүчтэй
- X — өндөр давтамжтай хувилбар. G — дотоод видео карттай. Үсэггүй бол энгийн.
Хоёр процессорын алийг нь сонгохоо мэдэхгүй бол cpubenchmark.net дээр загварын нэрээ бичээд оноог нь харьцуулаарай. Онооны зөрүү 20 хувиас бага бол бодитоор мэдрэгдэхгүй.
Халалт шалгах
Windows нь процессорын температурыг өөрөө харуулдаггүй. Хэмжихийн тулд нэмэлт хэрэгсэл эсвэл BIOS хэрэгтэй.
BIOS-оос харах (програм суулгахгүй)
Компьютерээ дахин ачаалж BIOS руу орно (Del, F2 эсвэл брэндийн товчоор). Ихэнх BIOS-ийн эхний дэлгэцэнд CPU Temperature бичигдсэн байна. Энэ нь ажилгүй үеийн температур — 30–45°C байх ёстой.
Windows дотроос харах
HWiNFO гэсэн үнэгүй хэрэгслийг татаж «Sensors-only» горимоор нээнэ. CPU хэсгээс Core Temperatures-ийг хараарай. Эсвэл Open Hardware Monitor ашиглаж болно.
Ачаалалтай үед шалгах
Температур мэдрэгчийг нээлттэй байлгаад видео үзэх, тоглоом тоглох зэргээр 10–15 минут ачаална. Хамгийн өндөр температурыг тэмдэглэнэ.
| Температур | Байдал |
|---|---|
| 30–50°C | Ажилгүй үед хэвийн |
| 50–75°C | Ачаалалтай үед хэвийн |
| 75–90°C | Халуун. Тоос цэвэрлэх, дулаан дамжуулах паст солих шаардлагатай. |
| 90°C-аас дээш | Хэт халалт. Процессор өөрөө хурдаа удаашруулж эхэлнэ. Яаралтай арга хэмжээ авах. |
| 100°C | Компьютер гэнэт унтарч хамгаалалтад орно. |
Тоглоом эсвэл видео дундуур компьютер гэнэт унтрах; сэнс тасралтгүй чангаар эргэх; эхлээд хурдан байгаад хэдэн минутын дараа удаашрах. Эдгээр нь бараг үргэлж халалттай холбоотой.
Халалт засах
- Тоос цэвэрлэх. Хамгийн түгээмэл шалтгаан. Радиатор, сэнсний хооронд хуримтлагдсан тоосыг шахсан агаараар үлээж цэвэрлэнэ. Сэнсийг хуруугаараа барьж байгаад үлээх хэрэгтэй — чөлөөтэй эргүүлбэл гэмтэнэ.
- Дулаан дамжуулах паст солих. 3–5 жил ашигласан компьютерт паст нь хатсан байдаг. Солиход процессорын температур 10–20°C буурах нь элбэг.
- Агаарын урсгал сайжруулах. Ширээний компьютерийг хананд наалдуулах, хивсэн дээр тавихаас зайлсхий. Зөөврийн компьютерийг дэвсгэр, хөнжил дээр тавьж ажиллуулбал доод талын агаар авах нүх боогдоно.
- Сэнс ажиллаж байгааг шалгах. Хажуу таглааг нээгээд процессорын сэнс эргэж байгаа эсэхийг нүдээр хараарай.
- Хөргөлтөө сайжруулах. Процессортой хамт ирсэн энгийн хөргөгч хүрэлцэхгүй байвал том радиатортай хөргөгч авч солино.
Ачаалал өндөр байвал
Юу ч хийгээгүй байхад процессорын ачаалал 30 хувиас дээш байвал ямар нэг зүйл ар талдаа ажиллаж байна.
Гэмт этгээдийг олох
Task Manager → Processes → CPU баганын толгойг дарж ихээс бага руу эрэмбэлнэ. Дээд талын мөр нь хамгийн их ачаалж байгаа програм.
Тэр нь юу болохыг мэдэх
Нэр дээр нь баруун товшоод Search online дарвал хөтөч дээр тайлбар гарна. Танихгүй нэр байвал энэ нь чухал.
| Нэр | Энэ юу вэ | Яах вэ |
|---|---|---|
| Antimalware Service Executable | Windows-ийн вирусны хамгаалалт шалгалт хийж байна | Хэвийн. Хэдэн минутын дараа буурна. |
| Windows Modules Installer Worker | Шинэчлэлт суулгаж байна | Хэвийн. Дуустал хүлээнэ. |
| Microsoft Windows Search Indexer | Файлуудыг жагсааж байна | Шинээр олон файл хуулсны дараа хэвийн |
| System Idle Process | Чөлөөтэй байгаа хэсэг | Энэ нь өндөр байх нь сайн хэрэг |
| Танихгүй нэр, санамсаргүй үсэг | Хортой програм байж болзошгүй | Вирусны шалгалт хийх |
Эхлээд компьютерээ бүрэн унтрааж (дахин ачаалах биш, Shut down) 30 секунд хүлээгээд асаана. Дараа нь автоматаар нээгддэг програмуудыг цэгцэлнэ: Task Manager → Startup apps → хэрэггүйг нь Disable.
Процессор солих нь хэрэгтэй юу
Процессор солих нь ихэвчлэн хамгийн сүүлийн арга. Үүнээс өмнө шалгах зүйлс:
- Диск нь эргэдэг хуучин диск үү? SSD рүү шилжих нь процессор солихоос хамаагүй их мэдрэгдэнэ.
- Санах ой хүрэлцэж байна уу? 4 ГБ байвал энэ нь гол саад.
- Хэт халж байна уу? Паст солиход л хурд сэргэж магадгүй.
- Ар талдаа хэрэггүй програм ажиллаж байна уу?
Эдгээр бүгд хэвийн байж, процессорын ачаалал ажлын үед байнга 90 хувиас дээш байвал л шинэчлэх нь утга учиртай.
Орчин үеийн бүх зөөврийн компьютерт процессор нь эх хавтан дээр гагнагдсан байдаг. Солих ганц арга нь эх хавтанг бүхэлд нь солих — энэ нь ихэвчлэн шинэ компьютер авахтай ойролцоо өртөгтэй.
MyPC.mn-ийн үнэгүй шалгалтын програм процессорын загвар, цөм, давтамж, одоогийн ачааллыг уншиж, удаашралын шалтгааныг дарааллаар нь харуулна. Татах хуудас
Түгээмэл асуултууд
Давтамж (ГГц) их байх тусам хурдан уу?
Зөвхөн ижил үеийн процессоруудыг харьцуулахад тийм. Өөр үеийнхийг харьцуулж болохгүй: 2015 оны 3.5 ГГц процессороос 2023 оны 2.4 ГГц процессор илүү хурдан байх нь энгийн үзэгдэл. Шинэ үе нь нэг цохилтод илүү их ажил гүйцэтгэдэг.
Turbo эсвэл Boost давтамж гэж юу вэ?
Процессор нэг хэсэгтээ хэвийн хурднаасаа илүү хурдан ажиллаж чаддаг. Жишээ нь үндсэн 2.9 ГГц, турбо 4.3 ГГц. Гэхдээ энэ нь температур, тэжээл хүрэлцэж байвал л биелнэ — хэт халсан компьютер турбо руу орохгүй.
Процессорын хурдыг нэмэгдүүлж болох уу?
Intel-ийн K үсэгтэй, AMD Ryzen-ийн ихэнх загварыг BIOS дотроос хурдасгаж болно. Гэхдээ энэ нь илүү халалт, илүү эрчим хүч, тогтворгүй болох эрсдэл авчирна. Өдөр тутмын ажилд мэдрэгдэх ашиг бага тул бид ихэвчлэн зөвлөдөггүй.
Дулаан дамжуулах пастыг хэр олон удаа солих вэ?
Чанартай паст 4–6 жил ажиллана. Хямд паст 2–3 жилд хатна. Температур өндөрсөж эхэлсэн бол солих цаг болсон гэсэн үг. Засварын газарт 20–30 минутын ажил.