Вирус, хортой програм
Хортой програмын ихэнх нь компьютерыг эвдэхгүй — сурталчилгаа харуулж, мэдээлэл хулгайлж, файлыг тань шифрлэдэг. Шалгах, цэвэрлэх алхмууд энд байна.
Орчин үеийн хортой програм ихэвчлэн компьютерыг эвдэхийг оролддоггүй. Тэд сурталчилгаа харуулж, мэдээлэл хулгайлж, эсвэл файлыг тань шифрлээд мөнгө нэхдэг.
Халдварласны шинж тэмдэг
- Хөтчийн нүүр хуудас, хайлтын систем өөрөө өөрчлөгдсөн
- Хаа сайгүй сурталчилгааны цонх гарах
- Суулгаагүй програм ажиллаж байх
- Компьютер гэнэт удаашрах, сэнс байнга чанга эргэх
- Файл нээгдэхээ болиод өргөтгөл нь солигдсон байх
- Антивирус өөрөө унтарсан, нээгдэхгүй байх
Шалгах алхмууд
Бүрэн шалгалт хийх
Windows Security → Virus & threat protection → Scan options → Full scan. Нэгээс гурван цаг үргэлжилнэ, энэ хугацаанд компьютер ашиглаж болно.
Офлайн шалгалт
Мөн тэр цэснээс Microsoft Defender Offline scan сонго. Компьютер дахин асаж, Windows ачаалахаас өмнө шалгана.
Энэ нь Windows ажиллаж байхад нуугддаг хортой програмыг барихад чухал. 15 минут орчим үргэлжилнэ.
Хөтчийн өргөтгөлийг цэгцлэх
Сурталчилгааны ихэнх нь хөтчийн өргөтгөлөөс ирдэг. Хөтөч дээрээ Extensions нээгээд өөрөө суулгаагүй бүхнийг устга.
Дараа нь хөтчийн тохиргооноос нүүр хуудас, хайлтын системээ буцааж тохируул.
Танихгүй програм устгах
Settings → Apps → Installed apps. Суулгасан огноогоор эрэмбэлээд асуудал эхэлсэн үеийн ойролцоо суусан танихгүй програмыг хар.
Файлын нэр солигдож, «төлбөр төл» гэсэн бичиг гарсан бол:
1. Компьютерыг сүлжээнээс тэр дор нь салга — Wi-Fi унтраа, кабель сугал. Ингэснээр бусад компьютер, гадаад диск рүү тархахаас сэргийлнэ.
2. Төлбөр бүү төл. Төлсөн ч файлаа буцааж авах баталгаа байхгүй бөгөөд дахин бай болно.
3. Компьютерыг унтраагаад мэргэжлийн хүнд үзүүл. Зарим төрлийн шифрлэлтийг үнэгүй тайлах хэрэгсэл байдаг.
Юунаас халдвардаг вэ
| Эх үүсвэр | Эрсдэл |
|---|---|
| Crack, keygen, «activator» | Хамгийн өндөр — бараг үргэлж хортой код агуулдаг |
| Торрентээр татсан програм | Өндөр |
| Танихгүй USB | Өндөр |
| Имэйлийн хавсралт | Өндөр — ялангуяа .exe, .scr, макротой Office файл |
| Хуурамч «Download» товч | Дунд — жинхэнэ товчийг олж дар |
| Шинэчлээгүй Windows | Дунд |
Түгээмэл асуултууд
Windows Defender хангалттай юу?
Ихэнх хэрэглэгчид тийм. Бие даасан туршилтуудад төлбөртэй антивирусуудтай ойролцоо үр дүн үзүүлдэг бөгөөд системд хамгийн бага ачаалал өгдөг.
Хамгийн чухал нь програм биш — юу татаж, юуг нээж байгаа тань.
Хоёр антивирус суулгаж болох уу?
Болохгүй. Тэд бие биеэ хортой гэж үзэж зөрчилддөг, компьютер удаашрч, заримдаа огт ачаалахаа больдог. Нэгийг сонгоод бусдыг устга.
Windows дахин суулгавал вирус арилах уу?
Дискийг бүрэн форматлаж цэврээр суулгавал тийм. Энэ нь хүнд халдварын хамгийн найдвартай шийдэл.
Гэхдээ өгөгдлөө нөөцлөхдөө болгоомжил — халдварласан файлыг хамт хуулбал эргээд л буцаж орно. Баримт, зургийг л хуул, програмын файлыг биш.
Шалгалтын програм вирус олдог уу?
Үгүй. MyPC.mn шалгалт нь антивирус биш — зөвхөн хамгаалалт асаалттай байгаа эсэх, шинэчлэлт хийгдсэн эсэх, галт хана ажиллаж байгаа эсэхийг шалгаж мэдээлдэг.
Хүнд халдварыг бид цэвэрлэж, өгөгдлийг тань аврахыг оролдоно. Залгаарай: 8071-0101