My Repair ашиглах заавар
Асахгүй болсон компьютерыг засах USB-г хэрхэн бэлдэж, хэрхэн ачаалж, доторх өгөгдлийг аварч, яаж засахыг эхнээс нь дуустал нь тайлбарлав. Техникийн гүн мэдлэг шаардахгүй.
1) Ажиллаж байгаа нэг компьютер — үүн дээр USB-гээ бэлдэнэ. 2) Хоосон USB флаш (8 ГБ+) — доторх өгөгдөл устахыг анхаар. 3) Аврах файлаа хаана хадгалах өөр нэг диск эсвэл том USB (эвдэрсэн компьютерын зай хүрэлцэхгүй тул).
А хэсэг. Засварын USB бэлдэх (ажиллаж байгаа компьютер дээр)
Хэрэгслээ татаж, задлах
My Repair хуудаснаас MyRepair-USB.zip-г татаж аваад задлана (баруун товч → Extract All). Дотор нь хоёр файл гарна: MyRepair-USB.exe ба My-Repair.exe. Хоёуланг нь нэг хавтсанд хамт байлга — салгаж болохгүй.
Хоосон USB флашаа залгах
8 ГБ ба түүнээс дээш хоосон флаш залга. Доторх өгөгдөл устах тул чухал зүйл байвал эхлээд өөр газар хуул.
MyRepair-USB.exe-г админ эрхээр ажиллуулах
MyRepair-USB.exe дээр баруун товч → Run as administrator. «танихгүй файл» эсвэл «Windows protected your PC» гарвал More info → Run anyway дарна (вирус биш — шинэ файлд өгдөг анхааруулга).
USB-гээ сонгоод «Засварын USB бэлдэх» дарах
Цонхонд дээр нь шаардлагатай зүйлс ✓-той эсэх харагдана. USB диск жагсаалтаас флашаа сонго (харагдахгүй бол «Шинэчлэх» дар). Дараа нь «Засварын USB бэлдэх» товч дараад баталгаажуулна. Хэдэн минут үргэлжилнэ — дуустал нь хүлээ.
USB чинь бэлэн. Одоо үүнийг салгаад эвдэрсэн компьютер руугаа аваач.
Б хэсэг. Эвдэрсэн компьютероос ачаалах
USB-г залгаад boot цэс нээх
Эвдэрсэн компьютерыг бүрэн унтраа. Засварын USB-г залга. Тэжээлийн товч дарангуутаа boot menu товчийг дахин дахин дар:
- Lenovo — F12 (эсвэл Enter → F12)
- Dell — F12
- HP — F9 (эсвэл ESC)
- ASUS — F8 (эсвэл ESC)
- Acer — F12
Брэнд бүрийн товч, Secure Boot унтраах тухай: HP, Dell, Asus формат заавар →
Жагсаалтаас USB-г (UEFI) сонгох
Гарч ирэх жагсаалтаас UEFI гэж эхэлсэн, флашныхаа нэртэй мөрийг сонгоно. Хар дэлгэц дээр уншиж эхэлнэ — хэдэн арван секунд хүлээнэ.
BIOS-д орж (Lenovo: Enter/F1, Dell: F2) Secure Boot-ийг түр унтрааж, Boot Mode-ийг UEFI болгоно. Диск огт харагдахгүй бол SATA Operation / VMD-ийг AHCI болгож үзээрэй (Dell дээр түгээмэл).
В хэсэг. Оношлох, аврах, засах
My Repair ачаалж дуусмагц монгол цонх гарч, өөрөө оношилж эхэлнэ. Доор нь Оношлох · Файл хуулах · Засах · Тайлан хадгалах товчнууд байрлана.
Оношлох
Нээгдмэгц өөрөө «Оношлох»-ыг ажиллуулж, «уншиж байна… %» гэж явна. Дуусахад гол шалтгаан (драйвер / санах ой / диск / халалт …), цэнхэр дэлгэцийн код, дискний эрүүл мэнд (температур, муу сектор), BIOS мэдээлэл, санал болгох засвар гарч ирнэ. Энэ үед юу ч өөрчлөгдөхгүй — зөвхөн уншиж дүгнэж байна.
Оношид «диск физикээр муудаж байна» эсвэл «яаралтай файлаа ав» гэж гарвал засвар руу бүү яар. Эхлээд дараагийн алхмаар өгөгдлийг нь аварч ав — диск бүрмөсөн унахаас өмнө.
Файл хуулах (өгөгдөл аврах)
«Файл хуулах» дар. Аврах файлаа хаана хадгалахаа (өөр диск эсвэл залгасан том USB) сонгоод, аль хэрэглэгчийн ямар хавтас (Ширээ, Баримт, Зураг, Татсан …) хуулахаа тэмдэглэнэ. «Хуулж эхлэх» дарахад хувь гарч явна. Эх дискнээс юу ч устгахгүй, зөвхөн хуулж авна.
Засах
«Засах» дар. Оношоос гарсан засваруудыг (дискний алдаа шалгах, системийн файл засах, ачаалах файл дахин барих, буруутан драйвер идэвхгүй болгох …) сонгож, эхлээд «Туршиж харах»-аар ямар тушаал ажиллахыг хараад, дараа нь «Ажиллуулах» дарна. Техник хангамжийн зөвлөмжийг (RAM, халалт) программ засахгүй — гар ажиллагаа шаардана.
Цонх жижиг бол дэлгэцэнд багтаахаар томсго — товчнууд доор бүтэн гарна. My Repair цонхоо автоматаар томсгодог.
Тайлан хадгалах (сонголтоор)
«Тайлан хадгалах» дарж оношийн дүгнэлтийг серийн дугаар + огноотой нэрээр USB-д хадгалж болно. Аль компьютер, хэзээ, юунаас болсныг дараа нь хармаар бол хэрэгтэй.
Дуусгах
«Хаах» дарж компьютерыг дахин асаана. USB-г салга. Засвар амжилттай бол Windows хэвийн асна. Асаахгүй хэвээр бол оношийн зөвлөмжийг дага — эсвэл бидэн рүү залга.
Юу болохгүй вэ
- Засварыг баталгаажуулалгүй бүгдийг нэг дор ажиллуулахгүй. Нэг нэгээр нь, онош юу зөвлөснөөр.
- Диск муудаж байхад эхлээд chkdsk хийхгүй. Эхлээд файлаа ав, дараа нь шалга.
- Аврах файлаа эвдэрсэн компьютерынхээ өөр диск рүү хийхгүй. Гадны диск/USB рүү ав.
Түгээмэл асуултууд
USB бэлдэхэд «Winre.wim олдсонгүй» гэвэл?
Тухайн ажиллаж буй компьютер дээр сэргээх орчин идэвхгүй байна. Админ эрхтэй командын цонхонд reagentc /enable бичээд дахин оролдоно уу, эсвэл өөр компьютер дээр USB-гээ бэлд.
Ачаалж байгаад хар дэлгэц дээр удаан зогсож байна
Хэвийн. Аврах орчин USB-гээс ачаалахад хэдэн арван секунд, заримдаа 1–2 минут орно. Хүчээр унтраалгүй хүлээ.
Оношид minidump олдсонгүй гэвэл?
Цэнхэр дэлгэц гармагц компьютерыг хүчээр унтраадаг бол Windows алдааны файл үлдээж амждаггүй. Онош бүртгэл болон дискний эрүүл мэндээр дүгнэнэ. Дараа цэнхэр дэлгэц гармагц хүчээр бүү унтраа.
Өөрөө хийхэд хэцүү санагдаж байна
Залгаарай — 8071-0101. Утсаар алхам алхмаар чиглүүлнэ, эсвэл засварын газарт авчирвал бид хийж өгнө.
Холбоотой заавар
My Repair гэж юу вэ
Танилцуулга ба татах
Цэнхэр дэлгэц засах
Алдааны кодыг уншиж шалтгааныг олох
Компьютер асахгүй байна
Шинж тэмдэг бүрийн шалтгаан
Аль ч алхам дээр тээглэвэл утсаар чиглүүлнэ, эсвэл алсаас холбогдож тусална. 8071-0101